Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоол, Засгийн Газрын 162 дугаар тогтоолоор ЗГ-ын Тохируулагч агентлаг Улсын Мэргэжлийн Хяналтын Газар, түүний бүтцэд Нэгдсэн төв лаборатори (цаашид НТЛ гэх) байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөөний 75 дугаар 6 давхар өөрийн байранд байнгын тоноглол дээрээ бие даан үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай улсад Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан тухайн онд МУ-ын Засгийн газрын 330 дугаар тогтоол гарч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх НТЛ-ийг Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лаборатори (цаашид ХАБҮЛЛ гэх) болгон хуулийн чиг үүргүүд болох лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлын тандалт судалгаа, эрсдэлийн үнэлгээ хийх, шинжилгээний ур чадварыг үнэлэх сорилтыг зохион байгуулахыг хэрэгжүүлэхээр өөрчлөн зохион байгуулсан.

Мэргэжлийн хяналтын байгууллагыг өнгөрсөн онд татан буулгаж, өөрчлөн зохион байгуулсан тул уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Стандартчилал, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийн талаарх лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг удирдах, энэ хуулийн 15.3-т заасан лабораториудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний лавлагаа лаборатори ажиллана.” гэж мэргэжлийн хяналтын байгууллагын дэргэд ажиллаж байсныг өөрчилж, лабораторийн дүрэм, бүтцийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Шадар Сайдын 21 дүгээр тушаалаар шинэчлэн батлаад байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 175 дугаар тогтоолоор Стандартчилал Хэмжилзүйн Газрын харъяа орон нутгийн сорилтын лабораториудыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын харъяанд шилжүүлэн Хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн нэгдсэн сүлжээг байгуулж, Нэгдсэн төв лабораторийг мэргэжил арга зүйгээр удирдан ажиллахыг үүрэг болгосон. Уг сүлжээнд нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Налайх, Багануур дүүрэг, 21 аймгийн мэргэжлийн хяналтын газрын лабораториуд нэгдэн ажиллаж байлаа. Одоогийн байдлаар нийт 112 ажилтан, албан хаагчидтайгаар дараахь үйл ажиллагаагааг явуулж байна.

Сорилт шинжилгээний чиглэлээр “Сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018” стандартын шаардалагад нийцүүлэн 2003 оноос эхлэн үндэсний түвшинд итгэмжлэгдсэн бөгөөд 2006, 2009, 2012, 2016, 2019 онуудад давтан итгэмжлэлийн үнэлгээнд орж, итгэмжлэлээ баталгаажуулан ажиллаж байна. Стандартчилал Хэмжилзүйн Газрын даргын 2019 оны 07дугаар сарын 17-ны өдрийн A/235 дугаар тушаалаар олгосон сорилтын лаборатори буюу “Testing laboratory TL-06” дугаарын индексийг хэрэглэж байгаа бөгөөд сорилтын төрлүүдээр ангилж үзүүлбэл,

  • Хүнсний аюулгүйн үзүүлэлт буюу хүнсэн дэх нян, мөөгөнцөр, тэдгээрийн хор, физик, химийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэх болон паразит илрүүлэн тодорхойлох;
  • Орчны аюулгүйн үзүүлэлт буюу хөрс, ус, агаарын хими, биологийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэн тодорхойлох;
  • Ахуйн хими, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний аюулгүйн анхан шатны болон амьтан дээр биотуршилтын шинжилгээ хийж, эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг тодорхойлох;
  • Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол зэрэгт гадаад болон дотоод хорио цээртэй хортон шавьж, хачиг, хог ургамал, ургамлын өвчин илрүүлэн тодорхойлох;
  • Бүх төрлийн таримал ургамлын үр, үр тарианд тариалалтын болон технологийн чанарын шинжилгээ хийх;
  • Гадаад орчин (агаар, хөрс, ус), барилгын материал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд цацраг идэвхт бохирдлын хэмжээ, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хэмжээг тодорхойлох, ионжуулагч цацраг үүсгэгч багаж, тоног төхөөрөмжийн чанарын баталгаажилтын хэмжилт шинжилгээ, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх ионжуулагч цацрагийн урьдчилан сэргийлэх хэмжилт шинжилгээг хийж байна.

Ур чадварын сорилтын чиглэлээр “Тохирлын үнэлгээ – Ур чадварын сорилтод тавих шаардлага MNS ISO/IEC 17043:2010” стандартын шаардлагад нийцүүлэн 2016 оноос эхлэн итгэмжлэгдсэн бөгөөд 2018, 2020 онуудад давтан итгэжлэлийн үнэлгээнд орж, итгэмжлэлээ баталгаажуулан ажиллаж байна. Хүнсний лабораториудын шинжилгээний ур чадвар, дадлага туршлагыг хөндлөнгөөс үнэлэх ур чадварын сорилтын хөтөлбөрүүдийг хими, нян судлал, хорио цээрийн төрлөөр нийт 140 орчим төрийн болон хувийн хэвшлийн лабораториудыг оролцуулан жилдээ 2 удаа зохион байгуулж байна.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдлийг үнэлэх болон тандалт судалгааг лабораторийн шинжилгээний үр дүнд тулгуурлан гүйцэтгэж байна.

Мөн өргөх механизм (цахилгаан шат, урсдаг шат)-ын даацыг магадлах шинжилгээг гүйцэтгэж байна.