Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

FAPAS ОЛОН УЛСЫН УР ЧАДВАРЫН СОРИЛТОД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО


2025 оны 5 дугаар сард Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжээчид FAPAS олон улсын ур чадварын сорилтын хөтөлбөрт амжилттай оролцож, луувангийн нухшинд пестицидийн үлдэгдэл тодорхойлох чиглэлээр “хангалттай” үнэлгээ авлаа.

FAPAS нь дэлхийн олон орны лабораториудын шинжилгээний чадавх, арга аргачлалын зөв байдал, үр дүнгийн найдвартай байдлыг үнэлдэг нэр хүндтэй олон улсын сорилтын тогтолцоо юм. Уг сорилтод амжилттай оролцсоноор манай лабораторийн:

  • шинжээчдийн ур чадвар, шинжилгээний арга
  • аргачлалын зөв байдал
  • орчин үеийн багаж тоног төхөөрөмжийн ажиллагаа
  • шинжилгээний үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдал

зэргийг баталгаажуулсан чухал үйл явдал боллоо.

2024 онд лаборатори улсын төсвийн хөрөнгө оруулалтаар давхар масс спектрометр бүхий хийн хроматографи (GC-MS/MS) төхөөрөмжийг суурилуулан, үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж, 221 нэр төрлийн пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийж эхлээд байна. Энэхүү дэвшил нь Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг хангах, пестицидийн үлдэгдлийн хяналтыг олон улсын түвшинд хүргэх чухал алхам болсон юм.

Мөн манай лаборатори 2025 онд итгэмжлэлийн хамрах хүрээгээ өргөтгөх, пестицидийн үлдэгдэл тодорхойлох чиглэлээр дахин итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлыг хангаж, шинжилгээний чанар, итгэлцлийг улам бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байна.