![]()
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Хор судлалын хүрээлэн (KIT)-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, лабораторийн шинжилгээ, судалгаа шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Арга хэмжээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Хор судлалын хүрээлэнгийн захирал Хо Жон Ду, Жонбук Дэвшилтэт Био Судалгааны Хүрээлэнгийн газрын дарга Ким Сон Хван, Нийгмийн хамтын ажиллагааны судалгааны төвийн дарга Кан Мин Сон, Глобал түншлэлийн төвийн дарга Хан Га Хи, компанийн төлөөлөгч Чой Хи Сын, Удирдах зөвлөлийн гишүүн Ха Жи Ён зэрэг төлөөлөгчид оролцов.
Санамж бичгийн хүрээнд талууд лабораторийн туршлага солилцох, лабораторийн зохистой дадал (GLP)-ыг нэвтрүүлэх, шинжээч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, шинжилгээний арга зүйг сайжруулах, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгчид Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Хими, хор судлалын лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хор судлалын хүрээлэн (KIT) нь Химийн технологийн судалгааны хүрээлэнгийн харьяа байгууллага бөгөөд аюулгүй байдлын үнэлгээ, хор судлалын чиглэлээр судалгаа, сургалт явуулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
Энэхүү хамтын ажиллагаа нь лабораторийн шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын туршлага нэвтрүүлэх, хүнсний аюулгүй байдлын хяналт шинжилгээний тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


