Дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй эмийн 30 хувь нь хуурамч байдаг. ХБНГУ-ын “Мерск” компанийн Тусгаар тогтносон улсуудын хамтын нийгэмлэгийн харилцааны захирал Рожер Элия Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хуурамч эмийг шалгах тоног төхөөрөмж, 86 төрлийн стандарт бодисыг хүлээлгэн өгөх үеэрээ ингэж хэлжээ. Энэхүү тоног төхөөрөмжийг ашигласнаар эмийн шинжилгээний хариу 7-14 хоногт гардаг байсан нь богино хугацаанд гарах боломж бүрдэж байгаа юм.
МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирал Б.Амар:
“Меркс олон улсын байгууллага Монголын хүн амын эрүүл мэндийг эрсдлээс хамгаалахад чиглэгдсэн, хуурамч эмийг илрүүлэх зөөврийн тоног төхөөрөмжийг бэлэглэж байгаад баяртай байна. Өмнө нь эмийн шинжилгээний хариу 7-14 хоногт гардаг байсан бөгөөд хуурамч эмийг илрүүлэхэд цаг хугацаа алддаг байсан. Харин одоо зөөврийн лабораторийн багажтай болсноор шинжилгээний хариу хурдан шуурхай гарахаас гадна улсын байцаагч, мэргэжлийн хүмүүсийн цаашдын үйл ажиллагаагаа явуулахад тус дэм болно.
Эмийн хяналтын лабораторийн эрхлэгч Б.Хувьтавилан:
“Монгол Улсын эмийн бүртгэлд орох бүх эмийг манай лаборатори шинжилдэг учраас ачаалал их. Одоогоор манайд 4000 орчим стандарт нэр төрлийн бодис бий. Түүнийхээ хүрээнд шинжилгээ судалгаагаа хийж байна. Өнөөдөр нэн шаардлагатай 86 нэр төрлийн стандарт бодисоор нэмж хангаж байгаад баяртай байна. Энэ бодис байхгүй бол шинжилгээ судалгаа хийгддэггүй. Түүнчлэн манай улс хоёр гүрний дунд оршдог учраас хуурамч эм орж ирэх эрсдэл маш өндөр. Сүүлийн үед тураах болон дааврын бэлдмэл, дархлаа сэргээж тамиржуулах төрлийн хуурамч тариа орж ирэх тохиолдол гарах болсон.