Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

Үхрийн нүд тарих талбайг сонгох


Үхрийн нүд тарих талбайг сонгох/ хөрсөө бэлтгэх/:

  Үхрийн нүд нь ус чийг нэлээд шаарддаг таримал учир чийглэг хөрстэй газрыг сонгож, хашааныхаа нөмөр  хэсэгт тарина. Харин намгархаг хөрсөнд тохиромжгүй юм.  Хөрсний гүний усны нэвчилт нь 1-1,5 метр байх хэрэгтэй. Үхэр нүдийг чийглэг бөгөөд ялзмагаар баялаг, хөнгөн элсэрхэг хөрсөнд тарихад тохиромжтой. Хашаандаа үхрийн нүд тариалах талбайг зөв сонгох нь чухал бөгөөд үхрийн нүд суулгах тогоо нь 40*40 см-ээс доошгүй гүн байна. Ингээд үхрийн нүд тариалахад зориулан ухсан нүхэндээ хар шороогоо малын бууц, элс зэргээр багсармал бэлдэж хийж өгөх бөгөөд 1-2 хувин  эрдэс бордоо мөн нэмж хийн сайн хольж нүхээ  дүүргэнэ. Суулгац бут суулгахаас 2-3 хоногийн өмнө нүхээ ухан хөрсөө боловсруулаад 3 хоног амраана.

Үхрийн нүдний суулгац тарих:

Үхрийн нүдний суулгацыг хавар намрын улиралд шилжүүлэн суулгаж болох боловч намар суулгах нь хамгийн тохиромжтой. Учир нь намар өвлийн улиралд суулгацын үндсэнд хөрс нягтран барилдаж бэхлэгдэх тул хавар эрт нахиалж амьдрах чадвар нь түргэн дээшилнэ. Хэрэв хавар тарих шаардлагатай бол суулгацын нахианууд /гөлөг/ хөөж томрохоос өмнө газар гэсэж эхэлмэгц талбайд шилжүүлэн суулгана. Үхрийн нүдний суулгацыг сонгохдоо үндэсний систем, салаа мөчрүүд /иш/ сайн хөгжсөн хэсгийг сонгон авна. Үүнд 20-30 см урт, 2-3 салаалж салбарласан өтгөн үндэстэй 40-50 см урт, 2-4 салаа мөчиртэй мөчир бүр 3-4 нахиатай бөгөөд нэг ба хоёр настай суулгацыг суулгана. Тарих үедээ суулгацын үндсийг өтгөн шавар зуурмагт дүрж, шавар наалдуулж тарихад шороотой түргэн барьцалдан үндэс сайн үүсч хөгжинө.

Бут хооронд 1-1,5 м, эгнээ хооронд 2-3 м шулуун шугам татан байрлуулж суулгана. Үхэр нүдний суулгацыг бага зэрэг налуу /45°/ мөчрийн доод талын нахианд тултал суулгаж тойруулж шороогоор манан булж өгвөл хожим хөрсөн доорхи иш үндэснээс нэмэгдэл үндэс ишүүд үүсч яваандаа өтгөн бут болж ургана. Суулгацаа тарьсаны дараа сайтар усална. Суулгасан мөчирт 2-3 нахиа үлдээн үзүүрийг тайрна. Хур тунадас багатай үед усалгааг 5-6 хоногийн дараа дахин хийнэ. Бут хоорондын хөрсийг 10-15 см гүн сийрүүлэлт хийн үе үе маажуураар маажиж өгнө.

Усалгаа:

Үхрийн нүдний бутыг услахдаа бутны ёроолыг тойруулан газрыг тогоо хэлбэртэй хонхойлж, мөн нарийхан шуудуу татан холбож усаа урсган услах, үгүй бол нэг бутанд нэг удаа 2-3 хувин ус хийх зэрэг аргуудаар усалж болно.

Таналт ба тайралт:

Анхны жил суулгац тарьснаас хойш мөчрийн нахиа задралтаас өмнө/ хавар/ 2-3 нахиа үлдээж үзүүрийг тайрна. 2 дахь жилд хамгийн сайн үндэслэж хөгжсөн 3-4 мөчрийг үлдээж бусдыг тайрна. Дараах жилүүдэд хөлдсөн, гэмтсэн, өвчилсөн мөчрүүдийг цэвэрлэх замаар таналт хийх ба 4- өөс дээш настай бутанд засалт, таналт хийж хэлбэршүүлэхээс гадна хэлбэр муутай газраар налж ургасан, тахирлаж мушгирч ургасан, хугарч гэмтсэн мөчрүүдийг модны хайч буюу хурц хутгаар тайран залуу мөчрүүдийг үлдээн залуужуулж байх нь чухал. Бутанд тайралт зөв хийж хэлбэршүүлбэл жимс томорч ургац сайжирна.