Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

ХҮНСНИЙ НЭМЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?


        Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нь Тогтвортой хөгжлийн төлөөх 17 зорилгын эрүүл мэндийг дэмжих, өлсгөлөнг зогсоох тухай 2 зорилгод хүрэх чухал нөхцөл болно. Дэлхий дээр бактери, вирус, шимэгч хорхой, хорт химийн бодисоор бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр 600 сая гаруй хүн өвдөж, 420 мянган хүн нас бардаг гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргасан. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нь засгийн газар, үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн хамтын үүрэг, хариуцлага юм. Бидний хэрэглэж буй хоол хүнсний аюулгүй, эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэхэд үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл бүхий л үе шатны оролцогч бүр чухал үүрэгтэй.

      Хэрэглэгчийн зүгээс эрүүл хүнс сонгох эхний алхам бол бүтээгдэхүүний шошготой танилцаж орц найрлага, хугацаа зэргийг сайтар хянаж худалдан авалтаа хийх нь чухал юм. Хүнсний үйлдвэрлэлд XIX зууны сүүлчээс эхлэн хүнсний нэмэлтийг ашиглаж ирсэн бөгөөд эдүгээ 2000 гаруй төрлийн хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байна. Тэдгээрийг таних зорилгоор Е... тэмдэглэгээг олон улсад ашиглаж байна. Е тэмдэглэгээ нь Edible буюу идэх боломжтой гэсэн утгатай Англи үг юм. Хүнсний нэмэлт ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ удаан хугацаанд хэрэглэхэд хүний бие махбодид хортой нөлөө үзүүлэхгүй байх ёстой. Иймээс аюулгүй байдал, хэрэглээний зохистой хэмжээ зэргийг мэргэжлийн байгууллагын шинжилгээ, дүгнэлтийг үндэслэн Е... код олгож хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрдөг.

      Хүнсний нэмэлт: ДЭМБ-ын тодорхойлсноор хүнсний нэмэлт нь байгалийн болон химийн гаралтай бодис, тэдгээрийн нэгдэл бөгөөд хүнсэнд дангаар нь хэрэглэдэггүй, харин хүнсний бүтээгдэхүүний шинж чанар, хадгалалтыг сайжруулах зорилгоор технологи ажиллагааны явцад нэмдэг нэгдэл гэж тодорхойлсон бол манай улсад даган мөрдөж байгаа MNS CAC 192:2007 стандартад Бие дааж хүнсний бүтээгдэхүүн эсвэл хоол, хүнсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, технологийн зорилгоор (мэдрэхүйн үзүүлэлтийг хамруулан) үйлдвэрлэл, боловсруулалт, бэлтгэл, савлалт, тээвэрлэлтийн явцад зориудаар хүнсэнд нэмэх эсвэл тодорхой үр дүнд хүргэх (шууд болон шууд бусаар), мөн хүнсний бүтцэд орж чанарт нөлөөлөх туслах материал зэрэг бодисыг хүнсний нэмэлт гэнэ хэмээн тодорхойлсон.

       Харин бүтээгдэхүүний шинж чанар, биологийн үнэт чанарыг сайжруулах, хүний эрүүл мэндийг дэмжих зорилгоор нэмсэн аминдэм, эрдэс бодис, аминхүчил, тосны ханаагүй хүчил, эслэг зэрэг биологийн идэвхит нэгдлүүд хүнсний нэмэлтэд хамаарахгүй. Үүнд аскорбины хүчил буюу С аминдэм /Е300/, токоферол буюу Е аминдэм /Е306/ зэрэг нь давхар биологийн идэвхи үзүүлдэг.

Хүнсний нэмэлтийг Е индексээр хэрхэн таних вэ:

/зургийг gogo.mn цахим хуудаснаас авав./

Харин хүнсний нэмэлтийг технологи, үзүүлэлтээр ангилахдаа:

Нэмэлтийн нэр

Үзүүлэх үйлчлэл

1

   Хүчлүүд

Хүчиллэгийг нэмэгдүүлэх буюу хүчиллэг амттай болгох

2

Хүчиллэг тохируулагчид

Бүтээгдэхүүний хүчиллэг болон шүлтлэгийн хэмжээг тохируулах эсвэл өөрчлөх

3

Гулсалт бөөгнөрөлтийг саатуулагч бодисууд

Бүтээгдэхүүний хэсгүүд өөр хоорондоо наалдахаас хамгаалах

4

Хөөс намдаагч

Хөөс үүсэхээс урьдчилан сэргийлэх эсвэл хөөсрөлтийг багасгах

5

Үл исэлдүүлэгчид

Бүтээгдэхүүнийг исэлдэж муудахаас хамгаалах, хадгалах хугацааг уртасгах

6

Дүүргэгчид

Бүтээгдэхүүний илчлэг чанарт нөлөөлөхгүйгээр эзлэхүүнийг ихэсгэх

7

Будагч бодисууд

Бүтээгдэхүүний өнгийг сайжруулах, хадгалах

8

Өнгийг хадгалах бодисууд

Бүтээгдэхүүний өнгийг тодруулах эсвэл тогтворжуулах

9

Жигдрүүлэгчид

Бүтээгдэхүүний үл холилдогч үеүдийг /ус, тос гэх мэт/ нэгэн төрлийн болгож жигдрүүлэх

10

Жигдрүүлэгч давсууд

Хайлмаг, бяслаг үйлдвэрлэлийн явцад уурагтай нэгдэж, тос ялгарахаас сэргийлэх

11

Нягтруулагчид

Гель үүсгэгч агентуудтай нэгдэж, жимс жимсгэнэ, ногооны зөөлөн эдийг хамгаалж, шинэлэг байдлыг хадгалах

12

Амт, үнэрийг сайжруулагчид

Түүхий эд, бүтээгдэхүүний байгалийн үнэр, амтыг сайжруулах

13

Гурилын чанаржуулагч

Талх болох шинж чанар буюу өнгийг сайжруулах

14

Хөөсрүүлэгчид

Шингэн болон хатуу төлөвт байгаа бүтээгдэхүүнд хийг жигд нэвчих нөхцөлийг бүрдүүлэх

15

Цэлцгий үүсгэгчид

Хүнсэнд гель үүсгэх замаар хэлбэржүүлэх, биежүүлэх

16

Өнгөлөгч бодисууд

Бүтээгдэхүүний гадна талыг өнгөлөх, хамгаалах болон гялалзуулах

17

Чийгшүүлэгч бодисууд

Бүтээгдэхүүнийг хатахаас хамгаалах

18

Нөөшлөгч бодисууд

Бүтээгдэхүүнийг гэмтэж муудахаас хамгаалж, хадгалах хугацааг уртасгах

19

Хий үүсгэгч бодисууд

Хүнсний бүтээгдэхүүнийг уутанд савлахад хэрэглэдэг хий

20

Сийрэгжүүлэгч бодисууд

Хийг чөлөөлөх замаар зуурмагийн эзэлхүүнийг нэмэгдүүлэх

21

Тогтворжуулагчид

Хоёр болон түүнээс дээш үл холилдох бодисуудыг жигдрүүлж нэгэн төрлийн болгох

22

Амт оруулагч бодисууд

Бүтээгдэхүүнд чихэрлэг амт оруулах

23

Өтгөрүүлэгч бодисууд

Бүтээгдэхүүний зуурамтгай чанарыг нэмэгдүүлэх

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний нэмэлтүүдийг хэтрүүлж хэрэглэвэл хүний бие организмд дараах эрсдэлтэй байдалд хүргэж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Үүнд:

/зургийг gogo.mn цахим хуудаснаас авав./

Иймээс хэрэглэгч та хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээлэлтэй сайтар танилцан худалдан авалт хийж байхыг хүсье. Хаяг шошгын мэдээлэлтэй сайтар танилцсанаар та бүхэн:

  1. Хүнсний бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанарын мэдээллийг авна. Ингэснээр та өөрийн болон гэр бүлийн хоол тэжээлийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.
  2. Бүтээгдэхүүний хадгалах хугацаан, нөхцөлийг мэдсэнээр шинэ, чанартай бүтээгдэхүүн сонгон хэрэглэх боломж бүрдэнэ.
  3. Хүнсний бүтээгдэхүүнийг хоол тэжээлийн хэрэгцээ, эрүүл мэндийн байдалдаа тохируулан хэрэглэснээр таргалалт, зүрх судасны өвчин, хоол боловслуурах эрхтэн тогтолцооны болон бодисын солилцооны өвчинд өртөхөөс сэргийлж чадна.

 

Ашигласан материал:

MNS CAC 192:2007 стандарт

http://home.inspection.gov.mn/

https://vip76.mn/content/27892

https://gogo.mn/r/157355